
Голландын Твенте, Хенгело хотноо болсон даамын дэлхийн аварга цолын төлөөх халз тоглолтод ОХУ-ын их мастер Александр Щварцман (Москва), Александр Георгиев (Санкт-Петербург) нар өрсөлдөж, ахимаг настай Александр нь ялсан билээ. Түүнтэй “Санкт-Петербургские ведемости” сонины сурвалжлагч ярилцсаныг орчуулан хүргэе.
Дашрамд дурдахад Щварцман нь 100 буудалт болон орос даамаар тус бүр гурвантаа дэлхийн аварга болсон тамирчин юм.
-Юуны өмнө цолоо хамгаалж чадсанд баяр хүргэе. Та хоёрын тоглолтод маш олон тэнцээ гарч, хэтэрхий сунжрах шиг санагдлаа...
-Халз тоглолт уйтгартай болсон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Харин ч тавил бүр сонирхолтой болсон. Гэхдээ би нэг бус өрөгт давуу байдал олж авчихаад түүнийгээ хожил болгож дөнгөөгүй. Хэрэв тэгсэн бол халз тоглолт аль хэдийнэ өндөрлөчих байлаа.
-Дэлхийн аварга цолын төлөө өрсөлдөж байгаа Оросын хоёр их мастер яагаад Голландад тоглодог билээ?
-Үүнийг ОХУ-ын даамын холбооныхноос асуусан нь дээр байх. Ямар учиртайг мэдэхгүй тэд халз тоглолтыг зохион байгуулахаас татгалзсан. Ингээд богино хугацаанд байр, шагнал мөнгөө шийдэхийн тулд Голландын даамын холбоонд хандсан хэрэг.
-Георгиев та хоёр ямар харьцаатай байдаг вэ?
-Тоглолт ширүүн өрсөлдөөн дунд өрнөсөн ч бидний нөхөрсөг харьцаа хэвээр байлаа. Бид нэг бус тэмцээнд явахдаа зочид буудалд нэг өрөөнд орж бууж байсан удаатай.

-Намар ДАШТ тойргийн журмаар зохиогдоно. Дөрөв дэх удаагаа түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Энэ тухай одоогоор бодсон юм алга. Хэдий тийм ч цолоо хамгаалах маш хэцүү гэдгийг ойлгож байгаа. Аравдугаар сарын сүүлч арваннэгдүгээр сарын эхээр Бразилд болох ДАШТ хүнд системээр явагдах юм билээ. Тэмцээний эхний шатанд 48 тамирчин 12, 12-оороо дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөх бөгөөд хэсэг бүртээ эхний гурван байрыг эзэлсэн нийт 12 тоглогч шувтаргын шатанд шалгарна. Ялангуяа хэсэгтээ эхний гурван байрт шалгарна гэдэг хялбар бус. Дааманд өөрөөс гадна өрсөлдөгчөөс их зүйл хамаардаг.
-Амьдралд тань баяр хөөртэй мөч олон л тохолдсон байх. Тэдгээрээс хамгийн сайхан нь юу вэ. Магадгүй саяны халз тоглолт...
-Дэлхийн аварга болоход сайхан байлгүй яахав. Гэхдээ охиноо төрөхөд л хамгийн их баярласан даа.

-Тийм үү, баяр хүргэе. Охиндоо тэгээд ямар нэр өгсөн бэ?
-Маша. Тэр одоо ой дөрвөн сартай.
-Даамын ертөнцөд сүүлийн хэдэн жил А.Георгиев, А.Чижов, А.Щварцман нарын Оросын их мастерууд ноёрхлоо тогтоож чадлаа. Та нар залгамжлах авъяаслаг хүүхдүүд гарч ирж байна уу?
-15-17 насны хэдэн хүүхэд бий. Үнэхээр оргилд нь хүрье гэж бодож байвал тэд ойрын хугацаанд тодорхой хэмжээний амжилт гаргах хэрэгтэй. Өөрийгөө дааманд 100 хувь зориулж чадсан хүн л амжилт гаргадаг юм. Орчин үед ингэх нь хэцүү л дээ.
-Сүүлчийн асуулт. Хүнд хэцүү тулааны дараа та юу хийхээр төлөвлөж байна вэ. Шууд л амрах уу?
-Үгүй ээ, долдугаар сарын сүүлчээр Голландад болох хоёр тэмцээнд оролцоно. Дараа нь ДАШТ-ийг хүртэл гэр бүлийнхэнтэйгээ амрана даа.
Р.Манлай






















Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: