Ялагдашгүй Куперман

 

100 буудалт даамын дэлхийн аварга цолыг долоон удаа хүртсэн тоглогч бол Зөвлөлтийн даамчин Исер Куперман билээ. Амьдралынхаа сүүлчийн жилүүдийг АНУ-д өнгөрөөсөн энэ их хүн 2006 онд нас барсан. Түүний тухай Латвийн их мастер Яков Шаусын бичсэн дурсамжийг орчуулан хүргэе.

Тэрбээр 1922 оны дөрөвдүгээр сарын 21-нд Украины Киев хотноо төржээ. И.Куперман орос үндэсний 64 буудалт даамаар 18 настайдаа ЗХУ-ын спортын мастер цолыг хүртсэн юм. Харамсалтай нь түүнийг ид сайжрах үед нь Дэлхийн II дайн дэгдсэний улмаас улсын аварга шалгаруулах тэмцээн болсонгүй. Энэ хугацаанд тэр бэлтгэлээ нэг ч өдөр таслаагүйн дээр их сургууль дүүргэж, уул уурхайн инженерийн диплом өвөртөлжээ. 1945 онд дайны дараахь анхны тэмцээн болов. Хуучны мастерууд, цэргийн алба хаагаад ирсэн залуучуудтай өрсөлдөхөд Исер итгэл төгc түрүүллээ. Залуу мастер гарааны мэдлэг, байрлалын мэдрэмж, тооцох чадварaapaa нь илт ялгарч байлаа. Үүнээс хойш Куперман ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн билээ.

Түүний Владимир Каплантай хамтран гаргасан гарааны онолын тухай ном нь олон жилийн турш даамчдын гарын авлага болж байв. 1950-иад оны дунд үеэс эхлэн оросууд олон улсын даам буюу 100 буудалтыг хөгжүүлэхээр шийдвэрлэжээ. 30 настай Куперманд 100 буудалтын хөлөг дээрx Франц, Голландынхны ноёрхлыг түлхэн унагах даалгаврыг оноов. Хөлбөмбөгт бол 30 нас гэдэг хэтэрхий оройтсон хугацаа. Харин оюун ухааны спортод боломжгүй зүйл биш гэдгийг Куперман нотолж, богинохон хугацаанд онол, практикийг эзэмшиж, нууцад нь нэвтэрч чадсан юм.

1954 онд Ленинградад олон улсын даамаар ЗХУ-ын аварга шалгаруулах анхны тэмцээн болоход Куперман хялбархан түрүүлж. Дараа жил нь ганцхан Минскийн Макс Шавельд хожигдсон ч нэмэлт тоглолтод ялан хоёр дахь удаагаа СССР-ийн аварга даамчнаар шалгарав. Тэрбээр 100 буудалт даамаар таван жил дараалан улсын аварга болсон юм.

1956 онд ЗХУ Дэлхийн даамын холбоо (FMJD)-нд элсэв. Тухайн үед ДАШТ дөрвөн жилд нэг удаа тойргийн сис¬темээр болдог, бусад үед нь аварга цолыг эзэмшигч цол хамгаалах тоглолтоо хийдэг байв. ДАШТ-д оролцох эрхтэй болсон хэдий ч Зөвлөлтийн танкууд Унгарт халдсан гэдэг шалтгаанаар зохион байгуулагчид оросуудыг Будапештийн ДАШТ-д тоглуулаагүй юм. Тэрхүү тэмцээнд Канадын Марсель Делорье түрүүлжээ. Нягтлан бодогч мэргэжилтэй Делорье Канадын үндэсний 144 буудалт даамын баялаг арга, хувилбарыг чадамгай ашиглан дэлхийн аварга болсон юм.  Үүнээс хоёр жилийн дараа Куперман дэлхийн аваргатай халз тоглох өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээнд түрүүлж, Делорьетэй аваргын титмийг булаацалдах эрхтэй болжээ.

Канадын их мастер нэгэн өрөгт тэнцүү байрлалаас комбинацийн уран санаагаар өрсөлдөгчөө буулган авч, бусдад нь тэнцсэнээр дуэлийн эхэн үед хошуучилж байв. Гэвч Куперман байрлалын тоглолтоор илүү гэдгээ харуулж 11:9-өөр ялан, 36 насандаа анх удаа дэлхийн аварга болсон юм.

Ер нь тэр халз тоглолтын арвин туршлагатай тамирчин байлаа. 1959 онд Голландын Герт ван Дейкийг 13.5:6.5 харьцаагаар илт давуу хожиж аваргаа хамгаалсан юм. Гэхдээ огт ялагдашгүй гэвэл үнэнд үл нийцнэ. 1958, 1960 оны ЗХУ-ын АШТ-д Одессийн Михаил Корховт алтан медалиа алдаж, 1959 онд Вячеслав Щеголевтай 1-2 байрыг хуваан эзэлсэн бөгөөд нэмэлт тоглолтод хожигдол хүлээжээ. Мөн 1960 онд Италийн нийслэл Ромд болсон ДАШТ буюу олимпиадад нутаг нэгт Щеголев, Сенегалийн Баба Си нарт дийлджээ.

Шинэ дэлхийн аваргаар В.Щеголев тодров.

1961 онд даагаа нэхэх тоглолтод Куперман аваргыг хоёр хожиж, 18 тэнцэн цолоо эргүүлэн авчээ. Тэр өрсөлдөгчөө нэвт шувт судалчихсан байлаа. Дараа жил нь түүнтэй өрсөлдөх эрхийг авьяаслаг Баба Си олж авсан ч халз тоглолт болсонгүй. Хожим зарим мэдээллийн эх сурвалжаас үзэхэд африк даамчин тэмцээний товыг мэдээгүй байсан гэдэг. Хэдэн жилийн дараа сенегал эр авто осолд орж нас барсан бөгөөд FMJD дурсгалыг нь хүндэтгэж 1962 оны дэлхийн аварга цолыг нөхөн олгосон байдаг. Ийм учраас баруунд Куперманыг дэлхийн зургаан удаагийн аварга гэж үздэг. Үнэн хэрэгтээ тэрбээр долоон удаа аваргалсан юм. 1964 оны ДАШТ тойргийн журмаар болоход Щеголев хоёр дахиа түрүүллээ. Дараа жил нь халз тоглолтод Куперман Щеголевтой тоглож 13.5:6.5-аар дахин ялах нь тэр. Тав дахиа түрүүлчихээд тэрбээр “100 буудалт хөлөг дээр байрлалын тоглолт” хэмээх алдарт номоо бичсэн юм. Түүнээс өмнө туршлагатай мастерууд тоглолтын арга, тактикаа бусдаас нууцалдаг байлаа. Тийм учраас шинээр гарч байгаа тамирчдын хувьд тэдэнтэй ойрхон өрсөлдөнө гэдэг хүндхэн хэрэг байлаа. Харин Куперманы ном шинэ залуу тоглогчдыг дээшээ гарч ирэхэд ихээхэн тус дэм болсон юм.

Тун удалгүй Ригийн Андрис Андрейко хэмээх авьяаслаг залуу гарч ирж, аваргын гол өрсөлдөгч болохоо нотоллоо. Андрейко дөнгөж 16-хан насандаа улсын аваргын шилдэг тавд шалгарч, хоёр жилийн дараа ЗХУ-ын аварга болсон юм. 1967 онд 25 настай Андрис өрсөлдөгчийг тодруулах тэмцээнд түрүүлж, Купермантай өрсөлдөх эрхтэй болов. Даамын мэргэжилтнүүд шинэ одыг ялна гэдэгт итгэлтэй байлаа. Гэвч Куперман халз тоглолтын асар их туршлагатайгаа харууллаа. Өөрөөсөө 20 насаар дүү өрсөлдөгчийнхөө довтолгоог няцааж байгаад санамсаргүй хурц нүүдэл хийх тактик боловсруулсан нь зөвдөж, зургаа дахиа аваргалав.

1968 онд Андрейко Больцанод болсон ДАШТ-д түрүүлж, жилийн дараа халз тоглолтод Куперманыг ялан титмээ хамгаалжээ. Ингэж цуут даамчин анх удаагаа дуэльд ялагдсан түүхтэй. Төдөлгүй Голландаас Тон Сейбрандс, Харм Вирсма хэмээх хоёр вундеркинд мэндэлж, өрсөлдөөн ширүүслээ. Сейбрандс 1972 оны тэмцээнд Андрейкогоос аварга цолыг нь булаан авсан боловч дараа жил нь Ригийн их мастер халз тоглолтоор цолоо эpгүүлэн авсан юм. Харамсалтай нь Андрейко 1975 онд 33-тайдаа хорвоог орхих тавилантай байж. Тэрбээр гэртээ алуулсан юм. Алуурчин тархинд нь индүүгээр 22 удаа цохиж хороосон гэдэг.

Андрейкогийн нас барсны дараах жил Голландын Вирсма дэлхийн аварга болсон. Дүрэм ёсоор Вирсма Купермантай халз тоглох болов. Гэвч 55 настай өвгөн 24 настай залууг дийлэхгүй гэж үзээд ЗХУ-ын Спорт хорооноос тоглохыг нь хоригложээ. Мөн ЗХУ-ын АШТ-д оролцуулсангүй. Ер нь түүнийг еврей үндэстэн хэмээн хавчих хандлагатай болов. Иймийн тулд нэрт даамчин цагаачлан гарахыг эрмэлзэх болов. 1970-аад оны сүүлчээр Израиль улс түүнийг удаа дараа урьж байсан ч далайн чанадыг зорьж, АНУ-ын Бостон хотод аж төрөх болжээ. Тэнд Куперман ном бичиж хичээл заахын зэрэгцээгээр ДАШТ-д тогтмол оролцож байлаа.

Ийнхүү тэрбээр 60 орчим жил гайхалтай тоглолтыг үзүүлсэн билээ. Исер Иософивич Куперман бүр 82 настайдаа бразил даамын ДАШТ-д оролцож, зургадугаар байр эзэлж байсан удаатай. Агуу даамчны алдартай өргүүдийг даамын ертөнц одоо ч судалсан хэвээр. Тэр утгаараа Куперман дoмoгт М.Таль, А.Алехин, Б.Фишер нарын адил оюун ухааны спортын түүхэнд мөнхөрсөн билээ.

                                                                                                                              P.Maнлaй     

     Их аварга Исер Куперманы тухай маш сонирхолтой материалыг миний блогоор дамжуулан та бүхэнд хүргэж байгаа дэлхийн даамын холбооны мастер Р.Манлайдаа маш их баярлалаа.

Улам сонирхолтой байлгахын тулд И.Куперманы фото зургууд болон 1958 онд анх удаа дэлхийн аварга болохдоо Канадын даамчин Марсель Делорьег хожсон 2 өргийг бэлдсэнийгээ нэмж оруулъя.


Марсель Делорье - Исер Куперман    0:2      1958.10.04

Исер Куперман - Марсель Делорье    2:0      1958.10.17

Сэтгэгдэлүүд:

1. Taivnaa (зочин) | 2009-07-11 18:09:39
Aguu yumaa. Ganaa ene bichleg chini Nlog.mn gesen siten deer tavigdsan bainalee.
http://www.nlog.mn/?content=blog&view=blogView&getItem=4707
2. erka (зочин) | 2009-07-11 21:33:56
goe boljee...
3. erka (зочин) | 2009-07-11 21:34:09
goe boljee...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.
Tsahim.net Topsites List Монголын шилдэг ТОП вэб сайтууд.